"Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн 7 төрлийн хагалгааг Өмнөговь аймагт анх удаа хийлээ
- 4 days ago
- 2 min read
Updated: 14 hours ago

“Монголын Алт” (МАК) компани, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж буй эх-хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай хэрэгжлээ.
МАК компанийн Ерөнхийлөгч Нямтайширын Цэлмүүний санаачилгаар хэрэгжиж буй “Энх-Мэнд” хөтөлбөр нь эх-хүүхэд-нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үндэсний хэмжээний анхны төсөл юм. Хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 28-29-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж 24 эх, хүүхэд, эмэгтэйчүүдэд мэс заслын тусламж үзүүлсэн нь орон нутгийн иргэдэд чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд бодит үр дүн болсон юм.
Энэ удаагийн мэс заслын тусламж үйлчилгээгээр эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн, хүүхдийн хэвлийн дурангийн, хүүхдийн чихний дурангийн, хүүхдийн нүдний согог заслын зэрэг 7 төрлийн мэс засал, эмчилгээнүүдийг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд анх удаа хийснээрээ онцлогтой байлаа.
Эх, хүүхэд, нярай, эмэгтэйчүүд давхардсан тоогоор нийт 635 амбулаторийн үзлэг хийснээс хүүхэд, нярайн төрөлжсөн мэс заслын 54, эх эмэгтэйчүүдийн 47, төрөлжсөн мэс заслын 54 эмгэг тохиолдлыг илрүүлэн мэс засал болон эмийн эмчилгээ зөвлөн дараагийн шатлалд илгээсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд МАК компанийн дэмжлэгтэйгээр орон нутгийн эмч нарийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, мэс заслын тусламжийг шуурхай, чанартай үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой 4 хоногийн сургалтад нийт 96 эмч, мэргэжилтэн хамрагдаж, оролцогчдод нийт 2.5 цагийн кредит олгосон байна. Үүнээс гадна, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2026 онд гарсан хүүхэд, нярайн 3 эндэгдлийн талаар хэлэлцүүлэг зөвлөгөөн хийж, урьдчилан сэргийлэх практик туршлага болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шаардлагатай зөвлөгөө, мэдээллүүдийг өгч ажиллалаа.

“Энх-Мэнд” хөтөлбөр нь сумдад урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд аймгийн төвд мэс заслын тусламж үзүүлэх шаталсан тогтолцоогоор хэрэгжиж буй.
Нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт очиж эмнэлгийн тусламж үзүүлснээр иргэдийг аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхээс гадна, тэдний цаг хугацаа, санхүүг хэмнэж байгааг иргэд хэлж байлаа.
Манай улсад жилд дунжаар 40-50 мянган эх амарждаг гэсэн статистик бий. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа юм. Иймээс МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд эх-хүүхэд-нярайн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Энх-Мэнд” хөтөлбөрийг улс орон даяар буюу 21 аймаг 330 суманд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


















