"Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд 24 хүүхэд, 8 эмэгтэйд мэс заслын тусламж үзүүллээ
- 49 minutes ago
- 1 min read
“Монголын Алт” (МАК) компани, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран эх-хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагааг Дорноговь аймгаас эхлүүлж, 3-р сарын 12–15-ны өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нар тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
“Энх-Мэнд” хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч нар Дорноговь аймгийн Мандах сум болон Сайншанд хотод нийт 1700 гаруй удаагийн үзлэг, оношилгоо хийж 24 хүүхэд, 8 эмэгтэйд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлээд байна. “Энх-Мэнд” хөтөлбөр нь сумдад урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд аймгийн төвийн эмнэлэгт мэс заслын тусламж үзүүлэх шаталсан тогтолцоогоор хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, 3-р сарын 4-6-ны өдрүүдэд Мандах сумын 260 гаруй хүүхдийг чих, хамар, хоолой, нүд, мэдрэл, дүрс оношилгооны үзлэгт, 78 хүнийг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулж, 3 хүүхдийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалд оруулаад байна.
Харин Сайншанд хотод 600 орчим хүүхдэд ерөнхий мэс засал, мэдрэл, зүрх, урологи, хэт авиан үзлэг хийж, 97 эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн нарийн үзлэгт хамруулан ажилласан юм.
“Энх-Мэнд” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж байгаа нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.Монгол Улсад жилд дунжаар 40–50 мянган эх амаржиж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа юм. Иймээс эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээг сайжруулж, эндэгдлийг бууруулах зорилгоор “Энх-Мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараагийн үйл ажиллагааг Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.






















