top of page

МАК компанийн нэрэмжит “Энх-Мэнд” хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах суманд хэрэгжлээ

  • 3 days ago
  • 2 min read

Updated: 2 hours ago

Enkh Mend - EHEMUT

Эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлэн, эндэгдлийг бууруулах зорилготой “Монголын Алт” (МАК) ХХК-ийн нэрэмжит “Энх-Мэнд” эрүүл мэндийн хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах суманд амжилттай хэрэгжлээ.


Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг 2026 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Мандах суманд ажиллаж, нийт 260 хүүхдийг чих, хамар, хоолой, нүд, мэдрэл, дүрс оношилгооны чиглэлээр үзлэг, оношилгоонд хамрууллаа. Үүнээс гадна, эх барих, эмэгтэйчүүдийн үзлэгт 78 хүн хамрагдсан бөгөөд нийтдээ 1,100 гаруй удаагийн үзлэг, оношилгоо хийж, 110 тохиолдлыг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүллээ.


Дүрс оношилгоо:


Enkh Mend - EHEMUT

Хүүхдийн дүрс оношилгооны үзлэгт 255 хүүхэд хамрагдлаа. Үзлэгийн хүрээнд хөхний эхо 1, зулайн эхо 5, төмсөгний эхо 1, зөөлөн эдийн эхо 1 тохиолдолд тус тус шинжилгээ хийсэн байна. Дүрс оношилгооны үр дүнд цавины ивэрхий, цөсний ерөнхий сувгийн уйланхай, анус орчмын хатиг зэрэг нарийвчилсан хяналт, эмчилгээ, зарим тохиолдолд мэс заслын тусламж шаардлагатай эмгэгүүд илэрчээ.


Мөн үзлэгийн явцад цөсний хүүдийн олон тооны чулуутай хүүхдийн тохиолдлууд бүртгэгдэж, 2-3 хүүхдэд элэгний өөхлөлтийн шинж тэмдэгтэй өөрчлөлт, 1 хүүхдэд тахь хэлбэрийн бөөр анх удаа оношлогдсон байна.


Нарийвчилсан үзлэг, оношилгооны дүнд 3 хүүхдийг дараагийн шатлалд оношийг баталгаажуулж, мэс заслын эмчилгээнд хамруулах зорилгоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Эдгээр хүүхдүүдийг 3-р сарын 12-16-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод мэс засалд оруулахаар төлөвлөөд байна.


Чих, хамар, хоолой:


Enkh Mend - EHEMUT

Хүүхдийн чих, хамар, хоолойн үзлэгт 260 хүүхэд хамрагдсан бөгөөд шатлал ахиулан эмчлэх шаардлагатай тохиолдлуудыг илрүүлсэн байна. Үзлэгийн дүнд 12 хүүхдийг сумын эрүүл мэндийн байгууллагын хяналтад, 40 хүүхдийг 2 дугаар шатлалын эмнэлэгт, архаг оноштой, мэс заслын заалттай 7 хүүхдийг 3 дугаар шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт тус тус илгээжээ. Мөн ханиад, томуу, дунд чихний үрэвсэл зэрэг хурц өвчлөлтэй 34 хүүхэд, архаг өвчлөлтэй 78 хүүхэд оношлогдож, нийт 112 хүүхдэд эмчилгээ, зөвлөгөө өгсөн байна.


Мэдрэл:


Enkh Mend - EHEMUT

Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэгт 248 хүүхэд хамрагдлаа. Үүнээс 0-5 насны 42, 6-16 насны 206 хүүхэд үзлэгт орсон байна. Үзлэгийн үр дүнд онош батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхэд хяналт, зөвлөгөөнд хамрагдсан бол, шинэ онош сэжиглэгдсэн 5 тохиолдол илэрчээ. Эдгээрээс хэл ярианы бэрхшээлтэй 3 хүүхэд, булчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны эмгэг болох миодистрофийн сэжигтэй 2 хүүхэд тус тус бүртгэгдсэн байна.


Нүд:


Enkh Mend - EHEMUT

Хүүхдийн нүдний үзлэгт 210 хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэгийн дүнд 149 хүүхэд буюу 70.95 хувь нь хэвийн хараатай, харин 61 хүүхэд буюу 29.05 хувь нь харааны өөрчлөлттэй гарсан байна. Мөн 57 хүүхэд буюу 27.1 хувьд цаг уурын хүчин зүйлтэй холбоотой нүдний хуурайшилт, улайлт, 3 хүүхэд буюу 1.4 хувьд бусад эмгэг илэрчээ. Илэрсэн өөрчлөлтийн дагуу шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд илгээж, эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байна.


Эх барих эмэгтэйчүүдийн үзлэг:


Enkh Mend - EHEMUT

Эх барих, эмэгтэйчүүдийн үзлэгт нийт 78 хүн хамрагдлаа. Үүнээс 5 нь жирэмсэн эх байсан бөгөөд 1 жирэмсэн эхийг тухайн төвийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхээр шийдвэрлэж, 1 эхэд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж жирэмсний эрт үеийн хромосомын нийлмэл илрүүлэгт хамрагдах зөвлөмж өгчээ.


Мөн 73 эмэгтэйд эмэгтэйчүүдийн үзлэг хийж, 6 хүнд умайн хүзүүний эсийн шинжилгээ авсан байна. Үзлэгийн явцад 3 хүнд умайн ерөндөг авах ажилбар хийж, умайн дайврын архаг үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд эмийн эмчилгээ, зөвлөгөө өгсөн байна.


Түүнчлэн хярзан нөхөн сэргээх шаардлагатай 2 эмэгтэйд мэргэжлийн зөвлөгөө өгч, дараагийн шатлалын эмнэлэгт мэс заслын эмчилгээнд хамрагдахыг зөвлөжээ.

 
 
bottom of page