"Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 920 үзлэг хийж, 9 мэс заслын тусламж үзүүлэв
МАК компани, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй эх-хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой "Энх-Мэнд" хөтөлбөр 9-р сарын 17-19-ний өдрүүдэд Дорнод аймгийн БОЭТ, Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумдад амжилттай хэрэгжлээ.
Хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ–ийн Ерөнхий мэс засал, Хүүхдийн хоол боловсруулах, Хүүхдийн мэдрэл, Хүүхдийн зүрх судас, Хүүхдийн чих хамар хоолой, Хүүхдийн нүдний эмгэг, Хүүхдийн мэдээгүйжүүлэг – эрчимт эмчилгээ, Эх барих - эмэгтэйчүүдийн, Нярай судлалын нийт 10 төрөлжсөн тасгийн эмч нар эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайд давхардсан тоогоор 920 удаагийн үзлэг хийлээ.
Үүнээс 652 хүүхдийг ерөнхий мэс засал, зүрх, нүд, чих хамар хоолой, хоол боловсруулах болон мэдрэлийн эмчийн үзлэгт хамруулж, 260 эмгэг тохиолдлыг илрүүлэн шаардлагатай зөвлөгөө, тусламжийг үзүүлсэн байна. Харин эх барих болон эмэгтэйчүүдийн чиглэлээр нийт 265 үзлэг хийж, 35 эмгэг тохиолдлыг илрүүлэн дараагийн шатлалд онош тодруулахаар илгээжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдийн нийт 9 мэс заслын тусламж үзүүлсэн бөгөөд хүүхдийн 7 мэс засал хийсний дотор нүдний зовхи сойх мэс засал болон уушгины сүрьеэгээр оношлогдсон хүүхдэд нээлттэй аргаар Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв-д анх удаа мэс засал хийснээрээ онцлогтой байлаа.
Хэвлийн нээлттэй аргаар нарийн – бүдүүн гэдэс залгах мэс засал
Цээжний нээлттэй аргаар хатуурч зузаарсан плеврийг тайрч авах мэс засал
Хэвлийн дурангаар өндгөвчний том хэмжээний уйланхайт хавдар авах мэс засал
Нээлттэй аргаар умай, 2 талын гуурсан хоолойг бүхэлд нь авах мэс засал
Нүдний хялар засах мэс засал - 4
Зовхи сойх мэс засал - 1
Үүнээс гадна, эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн мэс заслын зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо , эмчилгээ, асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор 16 цагийн лекц, 18 цагийн дадлага сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд нийт 2.5 багц цагийн кредит олгосон юм.


