top of page

"Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт 1340 үзлэг хийж, 25 мэс заслын тусламж үзүүллээ

2 days ago
1 min read

Updated: 19 hours ago

МАК компанийн санаачилгаар хэрэгжиж буй эх-хүүхэд-нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой "Энх-Мэнд" үндэсний хөтөлбөр Дундговь аймагт хэрэгжлээ. ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 10-р сарын 28-аас 11-р сарын 1-ний өдрүүдэд тус аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай сум болон Мандалговь хотод ажиллалаа.


Enkh Mend

Тодруулбал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чих, хамар, хоолой, мэдрэл, бөөр, хоол боловсруулах, зүрхний нарийн мэргэжлийн эмч нар нийт 1340 удаагийн үзлэг хийлээ. Тухайлбал,

  • Баянжаргалан суманд нийт 168

  • Дэлгэрхангай суманд нийт 503

  • Мандалговь хотод нийт 669 удаагийн үзлэг хийж, шаардлагатай зөвлөгөө, тусламж үзүүлэн ажиллалаа.  Үүнээс 6 эмэгтэй, 19 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн юм.


Мөн зүрхний хоёр хавтаст хавхлагийн өөрчлөлттэй зургаан хүүхдийг оношилж, нэг хүүхдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай мэс заслын тусламж үзүүллээ. Түүнчлэн, тус эмнэлэгт анх удаа хүүхдийн чихний мэс засал хийсэн нь нэгдсэн эмнэлгийн эмч нарт бодит туршлага болсон юм.


Иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь “Энх-Мэнд” хөтөлбөрийн бас нэг чухал зорилт юм. Энэ удаад Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн болон сумдын эмч нарт зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээ, асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, ур чадвар олгох 16 цагийн лекц, 18 цагийн дадлагажуулах сургалтыг зохион байгууллаа.

 
 
bottom of page