ШУТИС-ийн оюутнууд МАК-ийн “Сэргэлэн” аж үйлдвэрийн цогцолбор дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 30 гаруй оюутан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулсан аж үйлдвэрийн цогцолборт зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Үйлдвэртэй танилцах аяллын хүрээнд МАК компанийн “МАК Евро Блок”, “МАК Евро Виндоор”, “МАК Евро Венти” үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн үе шат, чанарын хяналт, технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авлаа.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн багш С.Энхболд:
Манай Барилга, архитектурын сургууль нь 4,000 гаруй оюутантай, ШУТИС-ийн хамгийн том сургуулиудын нэг бөгөөд Монгол Улсын барилга, инженерчлэлийн чиглэлийн тэргүүлэх сургуулиудын нэг юм.
Өнөөдөр бид МАК компанийн урилгаар "Сэргэлэн” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаатай танилцаж байна. Ирээдүйн инженерүүд маань барилгын материалын үйлдвэрлэл хэрхэн явагддаг, салбарын хөгжлийн чиг хандлага хаашаа явж буйг нүдээр үзэж, бодитоор танилцах боломж олдож байгаад баяртай байна.
Барилгын салбарт ашиглагдаж буй материалууд тасралтгүй шинэчлэгдэж, шинэ норм, дүрэм, стандартууд батлагдан, шинэлэг төслүүд олноор хэрэгжиж байна. Энэ бүхний зэрэгцээ хувийн хэвшлийн томоохон компаниуд санаачилга гарган, өөрсдийн хөрөнгө оруулалтаар ийм хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж байгаатай танилцаж байгаадаа баяртай байна. Оюутнуудын хувьд зөвхөн танхимд онолын мэдлэг эзэмшихээс гадна үйлдвэр дээр ирж, хичээлээр үзэж байсан материал, технологио бодит орчинд харах нь сургалтын асар өндөр ач холбогдолтой. Багшийн зааж, ном сурах бичигт судалж байсан зүйлс бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг өөрийн нүдээр харах нь мэдлэгийг бататгах хамгийн үр дүнтэй арга юм.
Нөгөө талаас Монгол Улсад эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж, эрчим хүчний хангамжийн асуудал чухлаар тавигдаж буй энэ үед томоохон үйлдвэрүүд өөрийн дэд бүтцийг байгуулж, цахилгаан эрчим хүчээ бие даан үйлдвэрлэж байгаа нь зөвхөн тухайн компанийн төдийгүй улсын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Үйлдвэртэй танилцах үеэр хамгийн их анхаарал татсан зүйл бол орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, үйлдвэрүүдийн цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй илүү үйлдвэрлэх хэмжээнд хүрсэн явдал байлаа.
Мөн оюутнуудын хувьд аливаа үйлдвэрлэлийн ард ямар хэмжээний эрчим хүч, хөдөлмөр, инженерийн шийдэл шингэдгийг ойлгож авах нь маш чухал. Энэ төслийн хүрээнд зөвхөн нэг үйлдвэрийн үйл ажиллагааг биш цаашдын олон салбарын хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц хэрхэн бүрдэж байгааг харах боломж олдож байна.

Барилгын материал үйлдвэрлэл, технологийн I курсийн оюутан н.Сүнжидмаа:
Багш мэргэжлийн удиртгал дээр хоёр төрлийн блок авчирч танилцуулсан юм. Тэр үед би МАК Евро Блокийг огт мэддэггүй байсан. Харин тухайн үед хараад “ямар гоё, өнгө үзэмжтэй блок вэ” гэж бодож байлаа. Тэгээд багшаасаа “Энэ блок хаанаас орж ирэх үү” гэж асуухад Монголд, МАК компани үйлдвэрлэдэг гэхэд дотооддоо ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд гоё юм байна даа гээд бодож байсан юм.
Дараа нь багш үйлдвэрлэлийн үйл явцыг зургаар үзүүлэхэд үйлдвэр нь нэлээд жижигхэн төсөөлөгдсөн. Өнөөдөр энд ирээд харахад өмнө нь зурган дээр жижигхэн санагдаж байсан үйлдвэр, станцууд үнэхээр асар том хэмжээтэй байлаа. Хамгийн гоё нь ийм чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд маш төвөгтэй, хүнд процесс байдаг байх гэж бодож байсан ч үйлдвэр дээр очоод эсрэгээрээ санагдсан. Яагаад гэхээр монгол инженерүүд, техник технологи ашиглаад маш хүнд, хэцүү үйлдвэрлэлийг энгийн, амархан харагдуулаад байсан.
Миний төсөөлж байсан үйлдвэрийн тухайд блокийн үйлдвэр болохоор тоос, шороо ихтэй муухай байна байх гэж бодож байсан. Гэтэл МАК Евро Блок руу ороод би блокийн үйлдвэр гэж мэдээгүй. Блокийн үйлдвэр хэр нь маш цэвэрхэн байсан.
Миний хувьд эмэгтэй хүүхэд учраас барилгын салбарт шороо тоостой хэцүү байх гээд айгаад байсан юм. Гэтэл МАК-ийн үйлдвэрүүдтэй танилцаад энэ бодол минь өөрчлөгдсөн. Монголын үйлдвэрүүд гоё болчихсон юм байна шүү дээ.

Мөн улсын хэмжээнд онцгойлон анхаарахуйц салбар болох эрчим хүчний салбарт, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар МАК компанийн хэрэгжүүлж буй нарны цахилгаан станцыг оюутнуудад танилцууллаа. Уг төслийн хувьд Сэргэлэн аж үйлдвэрийн цогцолборт байрлах барилгын материалын үйлдвэрүүдийг хангах замаар, төвийн эрчим хүчний ачааллыг бууруулан, импортын хамаарлыг бууруулах ач холбогдолтой билээ.

Тус аялал нь оюутнуудад сургалтын хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн бодит орчинтой холбон ойлгох, ирээдүйд ажиллах мэргэжлийнхээ чиг баримжаагаа тодорхойлох, салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдтэй танилцах үнэ цэнтэй боломжийг бүрдүүллээ.



