top of page

“Монголын Алт” (МАК) ХХК 2025 онд ₮888.4 тэрбумын татвар төллөө

Монгол Улсын аж  үйлдвэрийн салбарыг манлайлан хөгжүүлж буй “Монголын Алт” (МАК) ХХК 2025 онд улс, орон нутгийн төсөвт ₮888.4 тэрбумыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. МАК компани нь 27 жилийн турш Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тэргүүлэн эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа юм.


Манай компани өдгөө уул уурхай, хүнд үйлдвэрлэл, геологи хайгуул, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт 4500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн эх орондоо дэлхийн стандартад нийцсэн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, нүүрсийг гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэх зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тодруулбал, барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх үүднээс Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж буй. МАК компани одоогийн байдлаар Европ стандартын цемент, блок, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, технологийн шохой, хуванцар поддон, мөн Японы аж үйлдвэрийн (JIS) стандартын дагуу үйлдвэрлэсэн бетон зуурмаг зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Эх орондоо үйлдвэрлэл эрхэлснээр импортын хараат байдлыг бууруулан эдийн засгийн өсөлтөд ч бодит хувь нэмэр оруулж байгаа юм. Тодруулбал, дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг хангаж буй МАК Евро Блок, 40 гаруй хувийг хангаж буй МАК Евро Цемент үйлдвэрүүд ашиглалтад орсон цагаасаа хойш нийт $520 орчим саяын гадагш чиглэх валютын урсгалыг хааж, эх орондоо үлдээсэн байна.

МАК компани аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд цаашид ган бүтээц, инженерчилсэн чулуун хавтан, файбер цементэн хавтан зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Манай компани цаашид 17 үйлдвэр байгуулж 50 гаруй нэр төрлийн барилгын материал үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 
 
bottom of page