БҮТЭЭГЧ МОНГОЛЫН ТӨЛӨӨ - 32 ЖИЛ
- oyungerelbo
- 3 days ago
- 4 min read

Энэ эрхэм бол Бямбаагийн Нямтайшир. Тэрээр Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалттай томоохон компаниудын нэг болох “Монголын Алт” (МАК) компанийн үүсгэн байгуулагч билээ.
Түүний байгуулсан МАК компани өдгөө 4500 гаруй ажилтантай, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, геологи хайгуул, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт бизнесийн цар хүрээгээ тэлснээр Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой байр суурь эзлэх болсон байна. Онцлууштай нь, МАК компани эх орондоо дэлхийн стандартад нийцсэн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, нүүрсийг гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэх зэрэг алсыг харсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
МАК-ийн бизнесийн гараа хаанаас эхэлсэн бэ: Манай улсад чөлөөт зах зээлийн үүд хаалга дөнгөж нээгдэн нийгмийн байгуулал өөрчлөгдөж байх тэр үед “Монголын Алт” (МАК) ХХК байгуулагдан бусад аж ахуйн нэгжүүдтэй яг ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Бүр тодруулбал, 1993 оны 12-р сарын 13-ны энэ өдөр “Монголын Алт” (МАК) ХХК гэх шинэ аж ахуйн нэгж улсын бүртгэлд нэмэгдсэн түүхтэй.
Уул уурхайн салбарт хөл тавьсан нь: МАК компани 1994 онд Төв аймгийн Заамар сумын нутагт орших Их галтын шороон ордод алтны уурхай байгуулан олборлолтоо эхлүүлж, анхны 01 дугаартай алтан гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байв. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо байгалийн баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн дэлхийд тэргүүлэх техник технологийг нутагшуулахаар зорьж байсан юм.
АНХДАГЧ
МАК-ийг анхдагч гэх тодорхойлолт тасралтгүй дагаж ирсэн. Энэ ч утгаараа үйл ажиллагаа явуулж буй салбар бүрдээ манлайлан шинэ стандарт, шинэ жишиг тогтоосоор байгаа билээ. Бид ямагт дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, арга туршлагыг эх орондоо тасралтгүй нэвтрүүлсээр байна.

Caterpillar-ийн техникийг анхлан нэвтрүүлэв: Зах зээл хаалттай, нийгмийн байгуулал дөнгөж шинэ зарчимд шилжиж байсан тэр хэцүү цаг үед МАК компанийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир АНУ-ыг зорьж Монгол Улсын хувийн хэвшлийн компаниудаас анх удаа Caterpillar брэндийн техникийг нэвтрүүлсэн тэр үеэс анхдагчийн түүх эхэлнэ.
Анхны алтны үндсэн орд ашиглах үйлдвэр: МАК компани 1995 онд Канадын MGR компанитай хамтран Бумбатын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулах “Бумбат” ХХК-ийг байгуулж байв.

Анхны нүүрс экспорт: МАК компани 2000 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн нүүрсний ордод Элдэвийн нүүрсний уурхайг нээснээр нүүрс олборлолт, экспортын салбарт хөл тавьсан юм. Үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2002 онд Элдэвийн нүүрсний уурхайгаас Замын-Үүд боомтоор Монгол Улсаас анх удаа нүүрс экспортолсон түүхтэй.
Шивээхүрэн боомтын анхны нүүрс экспорт: “Монголын Алт” (МАК) ХХК 2007 онд Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомтын анхны нүүрсний экспортыг гүйцэтгэж байв. Өдгөө Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 8 ААН-тэй хамтран тус боомтыг орчин үеийн дэвшилтэт шийдлээр хөгжүүлж, нэвтрэх чадварыг нь 17 сая.тн-д хүргэн ажиллаж байна.
Анхны Европ стандартын үйлдвэр: МАК компани 2010 оноос эх орны эрдэс түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулан импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж эхэлсэн юм. Улмаар 2015 онд Монгол Улсад анх удаа Европ стандартын бүрэн автомат хийт бетоны “МАК Евро Блок” үйлдвэр үүд хаалгаа нээсэн билээ.
БҮТЭЭГЧ
Өнгөрсөн 32 жилийн хугацаанд бид эх орондоо аж үйлдвэрийн салбарыг манлайлан хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх шилдэг технологиудыг нутагшуулан өрсөлдөөн, чанар стандартын шинэ жишиг тогтоож ирлээ.
Импортыг орлох үйлдвэрлэл: МАК компани барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хөл тавьснаас хойш 15 жилийн дотор 7 үйлдвэр ашиглалтад оруулж, энэ чиглэлд 1500 гаруй ажлын байр бий болгоод байна. Улмаар барилгын материал үйлдвэрлэлийн төслөө олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, Дорноговь аймгийн Даланжаргалан, Төв аймгийн Сэргэлэн суманд Аж үйлдвэрийн цогцолбор байгуулж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр шуудай, хуванцар, ганжуулсан шил, гипсэн хавтан, чулуун хавтангийн үйлдвэр зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт бий болох юм.
Сэргээгдэх эрчим хүч: Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр үйлдвэр, уурхайн бүсдээ нарны цахилгаан станц байгуулж байна. Тодруулбал, “МАК-Сэргэлэн”, “МАК-Даланжаргалан” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын хүрээнд бид өнгөрсөн жил 110кВ-ын дэд станц ашиглалтад оруулсан юм. Мөн 10МВт/цагийн цэнэг хураагуур, 5МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ингэснээр Аж үйлдвэрийн цогцолбор маань нарны станцынхаа үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр бие даан ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Устөрөгч үйлдвэрлэх төсөл: Манай улс 173 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Дэлхий нийтээрээ чулуун нүүрсний хэрэглээгээ бууруулах, цаашлаад халахаар зорьж буй энэ үед МАК компани нүүрсийг гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэх төсөл эхлүүлээд байгаа юм. Дэлхий даяар ногоон хөгжлийг эрэлхийлэн устөрөгчийг ирээдүйн түлш хэмээн тодорхойлж буй. Монгол Улс энэ хөгжлийн араас нэхэх биш, хөгжүүлэлтийн шатанд дундаас нь орох томоохон алхмыг МАК компани ийнхүү хэрэгжүүлж байна.
МАНЛАЙЛАГЧ
МАК компани 1998 оноос хойш тасралтгүй 27 жилийн турш Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжээр шалгараад байна. Өнгөрсөн хугацаанд татвар, хураамж хэлбэрээр ₮3.7 их наядыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Үндэсний манлай компани байх хамгийн том шалгуур үзүүлэлт бол ажлын байр бий болгох явдал юм. Ердөө 42 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан МАК компани өдгөө 4500 гаруй ажилтантай Монголын тэргүүлэх ажил олгогчдын нэг болжээ.
МАК компанийн манлайлан ажиллаж буй бас нэгэн чиглэл бол яахын аргагүй нийгмийн хариуцлага юм. Бид боловсрол, эрүүл мэндийн салбарыг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлон орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд 100 гаруй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байна. Нэн ялангуяа үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад онцгой анхаарч, олон жишиг бүтээн байгуулалт хийсэн юм. Тухайлбал, бид Монгол Улсын тасалдалгүй эрчим хүчинд холбогдоогүй сүүлийн 5 сум болох Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдыг 24 цагийн тасалдалгүй эрчим хүчний эх үүсвэрт холбох чухал ажлыг гүйцэтгэсэн билээ.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад сургууль, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд цэцэрлэг байгуулан бага насны хүүхдүүдийн суралцах ая тухтай орчныг бүрдүүлэн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Үүгээр ч зогсохгүй, үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн оюутан залуусыг гадаадын болон дотоодын их дээд сургуульд суралцах боломж олгон нийт ₮1.2 тэрбумын сургалтын тэтгэлэг олгосон байна.
“Монголын Алт” (МАК) ХХК нь Монгол хүний ур ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвараар дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг манлайлан ажиллаж байна. Бид цаашдын 30 жилийн хөгжлийн стратегиа “Ногоон ирээдүйд тэмүүлэх 30 жил” хэмээн тодорхойлон эх орондоо дэлхийн хөгжлийн нутагшуулахаар зорьж байна.

БҮТЭЭГЧ МОНГОЛЫН ТӨЛӨӨ!












































