Б.Нямтайширын "Бүтээгч Монголын Төлөө" хэрэгжүүлсэн онцлох 10 ажил
- 6 hours ago
- 6 min read

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарт дэлхийд тэргүүлэх стандарт, дэвшилтэт технологийг нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Түүний үүсгэн байгуулсан “Монголын Алт” (МАК) ХХК нь өнөөдөр 5,000 гаруй ажилтантай, улс, орон нутгийн төсөвт 4.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, аж үйлдвэрийн салбарт 5.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай түншилж, 1,200 гаруй ханган нийлүүлэгч байгууллагаас тогтмол худалдан авалт хийж, сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр тасралтгүй шалгарсан үндэсний тэргүүлэгч компани болжээ.
МАК нь уул уурхайгаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн гинжин хэлхээг бүрдүүлж, импорт орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол Улсад аж үйлдвэрийн суурь бүтцийг цогцоор нь бий болгож, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Улсдаа тэргүүлэх энэхүү компанийг байгуулж, үйл ажиллагааг нь тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх хугацаандаа Б.Нямтайширын санаачлан хэрэгжүүлсэн, Монгол Улсын хөгжил дэвшилд бодит түлхэц болсон онцлох 10 ажлыг товч танилцуулъя.
ТЕХНИКИЙН ДЭВШЛЭЭР ТЭРГҮҮЛЖ, АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙГ БАЙГУУЛАВ

МАК компани чөлөөт зах зээлийн шилжилтийн эхэн үед Их Галтын алтны шороон ордоос үйл ажиллагаагаа эхлүүлж, 1994 онд уул уурхайн салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс анх удаа АНУ-ын Caterpillar брэндийн техникүүдийг уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн түүхтэй. Ингэснээр тухайн үед ашиглаж байсан Зөвлөлтийн техникүүдээс 2–3 дахин өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэж, уурхайн бүтээмж шинэ түвшинд хүргэсэн юм.

Үүний дараа 1997 онд алтны үндсэн ордыг ашиглах анхны үйлдвэр болох “Бумбат” үйлдвэрийг байгуулсан нь Монголын уул уурхайн салбарын хөгжилд шинэ үеийг эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалт байв. Тус үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газрын “Алт” хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан төдийгүй алтны үндсэн ордын ашиглалтад дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээрээ онцлог ач холбогдолтой юм.
4 ТОНН АЛТ ОЛБОРЛОЖ МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САН ХӨМРӨГИЙГ БАЯЖУУЛАВ

Олборлолтын хүчин чадал, техник, технологийн чадавхаа үе шаттайгаар өргөжүүлснээр алтны үндсэн ордын ашиглалтад амжилттай шилжсэн. Улмаар алт олборлолтын хэмжээгээр Монгол Улсдаа эхний тавд багтан, нийт 4 тонн алт олборлон улсын эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад бодитой хувь нэмэр оруулж байв.
Үүний зэрэгцээ Б.Нямтайшир нь богино хугацааны олборлолтын өгөөжөөс илүүтэй аж үйлдвэрийн салбарын урт хугацааны хөгжлийг эрхэмлэсэн стратегийн алсын хараа баримталж, 2000-аад оны дунд үеэс алтны салбараас үе шаттайгаар гарч, барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эдийн хайгуул, нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Энэ нь хожмын импортыг орлох үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтын суурийг тавьсан шийдвэр болсон юм.
ҮНДЭСНИЙ КОМПАНИЙН 100%-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ЗЭСИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ

1999 онд МАК компани Цагаан суваргын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож хууль, журмын дагуу авсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг бүрэн барагдуулж, 2001–2008 онд ордын гүйцээх хайгуулыг олон улсын JORC стандартын дагуу хэрэгжүүлэн, 2009 онд Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлсэн.
Хайгуулын ажлын явцад, 2007 онд Цагаан суваргын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан бөгөөд 2014 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэн төр хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшихээс илүү татвар, хураамжийн хэлбэрээр өгөөж хүртэх нь илүү үр ашигтай гэж шийдвэрлэснээр МАК компани Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийн эрх зүйн орчин бүрдсэн юм.

Цагаан суварга төсөл хэрэгжсэнээр 1,300 гаруй шууд, 5,000–7,500 шууд бус ажлын байр бий болж, төслийн нийт үр өгөөжийн 60 хүртэлх хувийг татвар, хураамжийн хэлбэрээр төр хүртэх боломж бүрдэнэ. Мөн энэхүү стратегийн төслийг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлж буй нь баялгийн өгөөжийг эх орондоо үлдээж, үндэсний аж үйлдвэр, экспорт, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
ИМПОРТЫН НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХАЛЖ, ДЦС БОЛОН ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ НҮҮРСИЙГ ДОТООДООС ХАНГАДАГ БОЛОВ

Зах зээлийн шилжилтийн эхний жилүүдэд Монгол Улсын эрчим хүч, үйлдвэрлэлийн салбар сайн чанарын чулуун нүүрсний хомсдолд орж, улмаар нүүрсийг импортоор хангах хүртэл нөхцөл үүссэн. Энэ үед МАК компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алаг толгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлж эхэлсэн юм.

Үүний үр дүнд ОХУ-аас импортлох нүүрсний хэрэгцээг үе шаттайгаар халж, ДЦС-II, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дархан, Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцууд болон төвийн бүсийн томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг сайн чанарын чулуун нүүрсээр дотоодоос хангах боломж бүрдсэн. Энэ нь зөвхөн нийлүүлэлтийн доголдлыг арилгасан төдийгүй Монгол Улсын эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулж байв.
МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ЭХЛҮҮЛЭВ

2002 онд Элдэвийн нүүрсний уурхайгаас анх удаа Замын-Үүд боомтоор БНХАУ-д нүүрс экспортолсноор Монголын нүүрсийг урд хөршийн зах зээлд таниулан Монгол Улсын нүүрсний экспортыг эхлүүлсэн билээ. Тухайн үед 7 хоногт 30 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн үзүүлэлт болж байв. Энэ нь Монголын нүүрс экспортын зах зээлд үнэ цэнтэй бүтээгдэхүүн болж чадахыг бодитоор харуулж, салбарын цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж чадсан юм.

Үүний дараа 2008 онд Шивээхүрэн боомтын анхны экспортыг хийснээр Тавантолгой, Нарийнсухайтын бүс нутгийн экспортын урсгалын суурийг тавьж, өмнөд бүсийн нүүрсний хөгжлийн шанг татсан. Үүнээс хойш МАК компани нүүрсийг баяжуулан нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг хөгжүүлж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж байгаа бөгөөд экспортын орлого, ашгаас улс орон нутгийн төсөвт 17 төрлийн татвар, хураамж төвлөрүүлэхээс гадна аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах бодлогыг тууштай баримталж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САНГ АРВИЖУУЛАВ

МАК компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрдэс баялгийн нөөцийг бодитоор тогтоох, ашиглалтын хамгийн оновчтой шийдлийг сонгон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарч ирсэн. Улмаар 1994 онд Геологи, хайгуулын газрыг үүсгэн байгуулж, тэр цагаас хойш металл, металл бус ашигт малтмал, барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эдийн хайгуул, газрын тосны хайгуул, гидрогеологи, геофизикийн судалгаа, өрөмдлөг гэсэн үндсэн долоон чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү системтэй, урт хугацааны үйл ажиллагааны үр дүнд экспортын чиглэлийн 6 орд, аж үйлдвэрийн салбарын түүхий эдийн хангамжид чиглэсэн 20 ордыг илрүүлэн нөөцийг нь тогтоож, холбогдох журмын дагуу баталгаажуулсан нь Монгол Улсын Эрдэс баялгийн санг арвижуулж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн суурийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
ТӨВИЙН ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН СҮҮЛИЙН 5 СУМЫГ НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭНД ХОЛБОВ

МАК компани төвийн эрчим хүчинд холбогдоогүй үлдсэн Монгол Улсын сүүлийн таван сумыг өөрийн хөрөнгөөр эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбосон нь орон нутгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр билээ. Тодруулбал, 2006 онд БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон 35кВт-ын цахилгаан дамжуулах шугам байгуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдыг 24 цагийн эрчим хүчинд холбосон түүхтэй.

Үүний дараа 2017 онд Оюутолгой–Цагаан суварга чиглэлийн 160 км урт, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбосон. Ингэснээр дээрх таван сумын эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамжийг өнөөдрийг хүртэл хангаж байна.
Өдгөө МАК компани эрчим хүчний хангамжаа баталгаажуулахаас гадна үйл ажиллагаагаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх стратегийг тууштай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан суманд нийт 40 МВт суурилагдсан хүчин чадал, 90 МВт.ц цэнэг хураагуурын систем бүхий нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулан үйлдвэр, уурхайн нийт эрчим хүчний хэрэглээний 40–60 хувийг нарны эх үүсвэрээр хангаж эхлээд байна.
ИМПОРТЫГ ОРЛОХ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 7 ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ
МАК компани эрдэс түүхий эдийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж, импортын хараат байдлыг бууруулах зорилгоор 2010 оноос барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж эхэлсэн юм. Улмаар дэлхийд тэргүүлэх Европ стандартыг эх орондоо нутагшуулах зорилго тавьж, өдгөө барилгын материалын 7 үйлдвэр байгуулан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлж байна.
МАК Евро Блок - 2015 он
МАК Евро Цемент - 2017 он
МАК Евро Виндоор - 2019 он
МАК Евро Венти - 2022 он
МАК Шохойн үйлдвэр - 2023 он
МАК Хуванцар Поддон - 2023 он
МАК Конкрит - 2023 он
МАК-ийн импортыг орлох үйлдвэрлэл нь нийт 520 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээгээд байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн болон Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах үйлдвэрүүддээ түшиглэн Аж үйлдвэрийн 2 цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд барилгын материалын 10 үйлдвэр шинээр байгуулагдаж, нийт 45 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэх юм.
ИРГЭНИЙ НИСЭХ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАВ

МАК компани аялал жуулчлал, агаарын тээврийг уялдуулан хөгжүүлэх бодлогын хүрээнд иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийн үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж байна. Монгол Улсын ТОП 100 компанийн нэг болох Хүннү Эйр ХХК нь 2024–2025 онд Embraer E190, Embraer E195‑E2 загварын агаарын хөлгүүдээр парк шинэчлэл хийж, БНХАУ, Япон, БНСУ, Казахстан зэрэг 14 улсын 60 гаруй хот руу олон улсын хуваарьт болон захиалгат нислэгийг тогтмол үйлдэж байна.

Үүний зэрэгцээ МАК компани аялал жуулчлалын салбарт олон улсын стандарт хангасан, өндөр зэрэглэлийн зочлох үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Аяан Залаат”, “Аяан Мэлхий хад”, “Түргэний ам” зэрэг цогцолбор төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монгол Улсын байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын үнэ цэнийг онцлон таниулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД БОЛОВСРОЛЫГ ОНЦОЛЖ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ДЭМЖИВ
МАК компани нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн салшгүй хэсэг хэмээн үздэг. Энэ хүрээнд боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн хамтын ажиллагааг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, нийт ₮42.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай эко сургууль, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг тус тус байгуулж, ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалт нь орон нутгийн хүүхэд, залуусын суралцах орчин, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байна.
Мөн сурлагын өндөр амжилттай оюутан залуус болон компанийн ирээдүйн ажиллах хүчнийг чадавхжуулах зорилгоор нийт ₮3.6 тэрбумын сургалтын тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс гадна ШУТИС болон орон нутгийн политехникийн коллежуудтай хамтран ажиллаж, ирээдүйн чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулан дэмжин ажиллаж байна.







































