top of page

Б.Нямтайшир: Бид түүхий эдээ боловсруулахгүй экспортолсоор байвал импортын хамаарлыг бууруулж чадахгүй

12 hours ago
4 min read

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын "MAKBM-2026" арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэлийг товчлон хүргэж байна.



... МАК-чууд бид улс орны хөгжлийн гол суурь болсон цементийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, импортоос хамааралтай болсныг анзааран түүний үндсэн түүхий эд болох шохойн чулууны хайгуулын ажлыг одоогоос 25 жилийн өмнө эхлүүлж байлаа.

 

Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй ч түүхий эдээ боловсруулалгүй экспортолсон хэвээр байвал гадаад зах зээлийн савлагаа, үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн эрсдэл, импортын хамаарлаас ангид байж чадахгүй. Мөн эдийн засгийн тогтвортой хөгжилд төдийлөн ахиц гарахгүйгээс гадна орчин цаг үед улс орны тусгаар тогтнолд ч эрсдэл үүсэх магадлалтайг бид санаж байх ёстой.

 

Харин баялгаа дотооддоо боловсруулж, түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх технологи, стандарт, инженерчлэлд суурилсан үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлж чадвал эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, иргэдийн орлого, амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл бий болдог.

МАК компани барилгын материал үйлдвэрлэхдээ эрдэс, түүхий эдийн хайгуул судалгааны ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр гүйцэтгэж, “орд” болгон баталгаажуулан ашиглаж байгаа нь манай үйлдвэрүүдийн онцлог, нөгөө талаас МАК-чууд бидний бахархал.

 

Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа бол барилга байгууламжийн үндсэн материал болох цементийн чанар юм. Нөгөө талаас зарим улс орнууд цемент үйлдвэрлэлийн хэмжээ нь тухайн орны хөгжлийн индексийн нэг үзүүлэлт гэж үзэх нь ч бий.

МАК Евро Цемент үйлдвэрийг 192 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй "Хөх цав"-ын ордыг түшиглэн 140 гаруй жилийн түүхтэй дэлхийн цемент үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч Данийн Вант улсын “FlSmidth” компанийг сонгож, 330 сая ам.долларын хөрөнгө оруулалаар байгуулж байлаа.

Европ технологийн сонгосноор олон улсын стандартад нийцсэн, бүрэн автомат бүхий робот лабораторитой, хүний хүчин зүйлээс хамаарах алдаагүй, аюулгүй ажиллагаа болон чанарын тогтвортой хяналтыг өндөр түвшинд хангасан үйлдвэр байгуулах боломж бүрдсэн.

 

Өдгөө "МАК Евро Цемент" үйлдвэр дотоодын цементийн зах зээлийн 40 гаруй хувийг дангаар хангаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт найдвартай нийлүүлэлтийн чухал эх үүсвэр болж байна. Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг 1.2 сая тонн болгон нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй цементийн үйлдвэрлэлээ “ногоон технологи” руу хөрвүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Мөн бүс нутгийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийслэлийн  Налайх дүүрэг болон Дорнод аймагт тус бүр 250 мянган тоннын хүчин чадалтай клинкерийн тээрэм байгуулахаар төлөвлөж байна.

 

Үүнээс гадна, угсрахад хялбар, контейнер хийц бүхий модуляр технологийн барилгын шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь орон сууц, амины сууц болон бусад зориулалтын барилгын үндсэн хийц, хэсгүүдийг үйлдвэрийн орчинд урьдчилан бэлтгэж, төслийн талбай дээр богино хугацаанд угсран ашиглалтад оруулах технологи юм.

 

БАРИЛГЫН ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛЫН ШИЙДЭЛ - МАК ЕВРО БЛОК

 

Барилгын чанар, дулаан хадгалалт, бүтээмж, өртгийн үр ашгийг сайжруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, Монгол орны уур амьсгалд тохирсон дүүргэгч материалын шийдлийг судалж, ХБНГУ-ын Hess группийн бүрэн автомат хийт бетоны үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан билээ.

 

МАК Евро Блок нь хөнгөн жин, дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлалт, галын аюулгүй байдал, хэмжээний нарийвчлал, хялбар, энгийн, хурдтай өрлөг зэрэг давуу талтай. Тиймээс бүтээмжээ нэмж, зардлаа бууруулах боломж бүрдүүлэн,  Монголын барилгын салбарт шинэ стандарт бий болгосон юм.

Манай үйлдвэрийг төр, засгаас өндрөөр үнэлж, бүтээн байгуулалтад олгодог дээд шагнал “Төрийн гэрэгэ”-ээр шагнасан нь үндэсний үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэн, ач холбогдлыг маань баталсан гэж үздэг.

Өнөөдөр МАК Евро Блок үйлдвэр дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг хангаж байна. Цаашид өсөн нэмэгдэж буй эрэлт, бүс нутгийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах зорилгоор Увс болон Дорнод аймгуудад буюу баруун, зүүн бүсэд Евро блокийн шинэ үйлдвэр байгуулах судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН ЭХЛЭЛ - МАК ЕВРО ВИНДООР, ВЕНТИ

Цемент болон блокийн үйлдвэрийг байгуулсан амжилт, туршлагадаа тулгуурлан манай хамт олон барилгын материалын үйлдвэрлэлийг дэвшилтэт технологи, олон улсын стандарт, чанар, инженерийн шийдэлд суурилсан кластер хэлбэрээр хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхэлсэн билээ.

 

Энэ хүрээнд 2019 онд Евро стандартад нийцсэн “МАК Евро Виндоор” буюу цонх, хаалга, шилэн фасадын үйлдвэр, 2022 онд агаар сэлгэлтийн хоолойн “МАК Евро Венти” үйлдвэр, 2023 онд барилгын болон технологийн зориулалтын шохойн үйлдвэр, мөн Японы аж үйлдвэрийн JIS стандартын шаардлага хангасан бетон зуурмагийн үйлдвэр, хүнд даацын хуванцар поддоны үйлдвэрийг тус тус байгуулж, 560 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээгээд байна.

 

Ингэснээр барилгын салбарт шаардлагатай түүхий эд, үндсэн материалын нэгдсэн цогц шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

 

МАК групп нь өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас бий болгосон ашиг, орлогоо дараагийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад шилжүүлэн, аж үйлдвэрийн салбарт 5.8 их наяд төгрөг буюу ойролцоогоор 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ бол байгалийн баялгийг зөвхөн олборлох бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болгон хувиргах стратегийн бодлогын бодит хэрэгжилт юм.

 

ТҮҮХИЙ ЭДЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХҮРТЭЛХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАВУУ ТАЛ

Манай компанийн барилгын материалын үйлдвэрлэлийн онцлог давуу тал нь үндсэн эрдэс, түүхий эдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрсдөө 100 хувь эзэмшиж, олборлолтоо мөн бие даан гүйцэтгэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, бид барилгын материалын үйлдвэрлэлийн гол орц, түүхий эдийг гаднаас худалдан авах бус, өөрсдийн нөөц, олборлолт, боловсруулалт дээр тулгуурлан Европ стандартын технологи, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тогтвортой нийлүүлдэг.

 

Энэхүү босоо интеграцчилсан үйлдвэрлэлийн загвар нь бүтээгдэхүүний чанарыг тогтвортой хадгалах, түүхий эдийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, үнэ өртгийн хэлбэлзлийг хянах, мэргэжлийн болон технологийн нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүлж хэрэглэгчдэд чанар, стандарт, нийлүүлэлтийн найдвартай байдал, өртгийн тогтвортой нөхцөлийг нэг дор бүрдүүлэх давуу талыг бий болгодог.

 

ХҮНИЙ НӨӨЦ: ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ХАМГИЙН ЧУХАЛ КАПИТАЛ

Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт гэхэд л 2000 гаруй монгол залуус ажиллаж, MAK Building Materials брэндийн 7 үндсэн үйлдвэрийн үйл ажиллагааг 100 хувь Монгол инженер, мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

Үйлдвэрлэлийн хөгжлийн нэг чухал суурь нь технологиос гадна түүнийг эзэмшиж, удирдан ажиллуулах хүний нөөц гэж бид үздэг. МАК групп нь нийт 7000 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд өнөөдөр 5000 гаруй ажиллагсад, инженер техникийн ажилтнууд тогтвортой хөдөлмөр эрхэлж байна.


Үндэсний үйлдвэрлэл бол зөвхөн хөрөнгө оруулалт бус, монгол хүн мэдлэг, ур чадварт суралцах, туршлага хуримтлуулах, хийж бүтээх, эх орноо хөгжүүлэх сэтгэл зүйн орчин бий болдгийн бодит жишээ нь энэ юм.

 

Монголчууд бид өөрсдөө шинэ технологи эзэмшиж, үйлдвэрлэлээ удирдаж, мэдлэг, оюунаа тасралтгүй дээшлүүлж, туршлагажиж байгаа нь улс орны аж үйлдвэрийн хөгжлийн нэг үндсэн суурь мөн гэж би үздэг.

 

ДАРААГИЙН АЛХАМ: АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР


МАК компани үйлдвэрлэлийнхээ цар хүрээг тэлж, Төв аймгийн Сэргэлэн болон Дорноговь аймгийн Даланжаргалан суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын материалын 10 гаруй шинэ үйлдвэр байгуулж, нийт 45 төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Эдгээрт ган хийц, файбер цементэн хавтан, инженерчилсэн чулуун хавтан зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бүхий дэвшилтэт технологийн үйлдвэрүүд багтаж байгаа. Энэ зун хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад орох ба цонх, хаалганы профиль, хуванцар хоолой, төрөл бүрийн савалгааны уут шуудай, шахмал хуванцар зэрэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхэлнэ.

 

ИМПОРТЫН ХАМААРЛААС ЭКСПОРТЫН БОЛОМЖ РУУ

 

Монгол Улсын барилгын материалын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа манай төслүүд нь зөвхөн импортын хамаарлыг бууруулах бус, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид бүс нутгийн зах зээлд экспортлох бодит боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ бүхэн зөвхөн МАК группийн хөгжил дэвшлийн зорилт биш, Монгол Улсын аж үйлдвэржилтийн суурийг бэхжүүлэх, олон улсын зах дээлд үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилт юм.


Бүтээгч Монголын Төлөө!

 


 
 
bottom of page