top of page

МАК компани Дундговь аймгийн Баянжаргалан суманд цахилгаан станц байгуулна

  • 3 days ago
  • 1 min read

Updated: 13 hours ago

“Монголын Алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар шав тавих ёслол үйлдлээ. Энэхүү цахилгаан станц нь зөвхөн МАК компанийн харьяа үйлдвэр, уурхайг эрчим хүчээр хангаад зогсохгүй төвийн эрчим хүчний сүлжээнд нэмэлт эрчим хүч нийлүүлэн импортын хараат байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.  



Энэхүү станц нь МАК группийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний анхны төсөл юм. Станцын үйлдвэрлэх нийт эрчим хүчний 38 хувиар Цагаан суварга төслийн хэрэгцээг хангаж, 62 хувийг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог юм. Тухайлбал, агаарт ялгаруулах тоосонцор, хорт хийн Европын холбооны EU 2010/75 шинэ цахилгаан станцын стандартыг хангаж ажиллана. Тэрчлэн ус зарцуулалт бага байхын зэрэгцээ шаталтын явцад үүсэх дэгдэмхий үнсийг дэвшилтэт уутат шүүлтүүрийн системээр 99% шүүн нөөцөлж, МАК Евро Цемент, МАК Конкрит бетон зуурмагийн үйлдвэрүүдэд түүхий эдээр нийлүүлэхээр төлөвлөөд байна.



Төслийн барилга угсралтын ажил энэ онд эхэлж, эхний блокыг 2028 оны IV улиралд, хоёрдугаар блокыг 2029 оны I улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  Хөөтийн 300 МВт-ын цахилгаан станц байгуулагдсанаар орон нутагт 300 орчим байнгын ажлын байр бий болно. Тэрчлэн Баянжаргалан суманд суурьшлын бүс байгуулах ажилтнуудын тогтвортой ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.

 
 
bottom of page