top of page

"Ботгонд бонус" хөтөлбөрийн хүрээнд малчдад ₮800 гаруй саяын урамшуулал олгоод байна

“Монголын Алт” (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний тоо толгойг өсгөх, говийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, малчдын хөдөлмөрийг үнэлэн урамшуулах үүднээс “Ботгонд бонус” хөтөлбөрөө 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл 34484 тоо толгой ботгонд урамшуулал олгоод байгаа юм.



Ботгонд бонус хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумдад хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш малчдад 800 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүний үр дүнд говийн бүсийн тэмээн сүргийн тоо толгой тасралтгүй өсөж байгааг орон нутгийн иргэд хэлж байна.  


Энэ жилийн тухайд хөтөлбөр хэрэгжиж буй гурван аймгийн таван сумын малчид нийт  3967 ботго тоолуулж, ₮79,340,000-ийн урамшуулал авч байна. Тодруулбал, МАК компанийн зүгээс тухайн ондоо эсэн мэнд бойжсон ботго нэг бүрд ₮20,000-ийн урамшуулал олгож, малчдыг урамшуулж байгаа юм.


  • Дорноговь аймаг, Мандах сум - 2006 ботго

  • Дундговь аймаг, Дэлгэрхангай сум - 961 ботго

  • Өмнөговь аймаг, Гурвантэс сум - 758 ботго

  • Дорноговь аймаг, Даланжаргалан сум - 177 ботго

  • Дундговь аймаг, Баянжаргалан сум - 65 ботго


Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн цагаан сарын баярын өмнө сумдын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд дээрх таван сумын 1550 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах суманд хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.

bottom of page