Шивээхүрэн Терминал ХХК 2025 онд 8.2 сая тонн нүүрс экспортлоод байна
- Ariunbold Batchuluun
- 59 minutes ago
- 1 min read

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Шивээхүрэн боомтын чингэлэгт тээвэрлэлтийн терминалиар 2025 оны 12-р сарын 15-ны байдлаар нийт 8.2 сая тонн нүүрс шилжүүлэн ачилт хийгээд байна.

“Монголын Алт” (МАК) ХХК хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор жолоочгүй 5G, AGV технологид суурилсан ухаалаг терминалын цогц бүтээн байгуулалтыг Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 8 компанитай хамтран гүйцэтгэж, 2023 онд ашиглалтад оруулсан билээ.
Шивээхүрэн терминал нь 5G сүлжээ ашиглан жолоочгүй тээвэр хийх болон соронзон мэдрэгчтэй зам бүхий AGV дэвшилтэт технологийн тээвэрлэлт хийж, жилд 18 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай, ухаалаг гарцын систем бүхий терминал юм.

Орчин үеийн цогц бүтээн байгуулалт болох энэхүү терминал бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нүүрсний хорогдол, бохирдол буурч, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөлөл багасах бөгөөд цаашид Шивээхүрэн боомтын экспорт жилд 40 сая тоннд хүрэх боломж бүрдэх юм.
Цаашид терминалын хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны 5-р сард 5G тээврийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.


