МАК компани "Амарбуянт" хийдийн "Сахиусын дуган"-ыг сэргээн засварлаж хүлээлгэн өглөө
- Ariunbold Batchuluun
- Sep 19
- 2 min read
Updated: Sep 22

МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших 330 гаруй жилийн түүхтэй "Амарбуянт" хийдийн "Сахиусын дуган"-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө.
Тэртээ 16-р зууны төгсгөлөөр үндэс суурь нь тавигдаж, дээрхийн гэгээн 13-р Далай лам морилж, Рерих, Козлов, Осендовский зэрэг нэртэй аялагчид саатаж, 1000 гаруй шавь 100 гаруй гавжтайгаар шашны чиглэлээр олон төрлийн сургалт явуулдаг байсан энэ хийд дахин сэргэж, өдгөө 60 гаруй лам хуврагуудтай Энэтхэг, Канад зэрэг улсуудад ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байгааг нь сонсоход үнэхээр бахдалтай байна.
Амарбуянтын хийд нь Монголын шашин, соёл, түүхийн үнэт өв санг хадгалахаас гадна, тус аймгийн Баянцагаан, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Говь-Алтай аймгийн Чандмана, Эрдэнэ, Цогт, Цээл сумын 50 гаруй мянган нутгийн ард иргэдийн шашин, зан үйлийн үндсэн төв болдог онцлогтой газар билээ.
Гуч гаруй жилийн түүхтэй "Монголын Алт" МАК компани нь өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг сум орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв зэрэг хүүхэд залууст чиглэсэн бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн. Өнөөдрийн энэхүү дуганы бүтээн байгуулалт ч гэсэн зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа шүтэн сүсэглэх, хурал номоо хөгжүүлэн бадраах, дэг, жаягийн залгамж чанараа хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү дуганы үндсэн хийц, бүтээцийг МАК компанийн барилгын материалын үйлдвэрүүдийн цемент, блок, хаалга цонх, шилэн хийц зэрэг бүтээгдэхүүнээр гүйцэтгэсэн ба тэртээх он жилүүдээс үлдсэн хуучин ханыг нь нураалгүй, хүчитгэн, барилга дотроо оруулан шийдсэн юм. Түүхийн он цагийн дурсгал болсон хана, өвлөгдөн хадгалагдаж ирсэн бурхан сахиустайгаа эргэн нэг дор хамтдаа мөнхөд байх цаг үе эхэлж байгаад бид билэгшээж байна.
МАК компанийн хамт олны өмнөөс энэхүү бүтээн байгуулалтад оролцсон барилгын болон ажил үйлчилгээ үзүүлсэн нийт аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажиллагсад, жандагийн эзэд, сэтгэл зүрхээрээ дэмжсэн нутгийн зон олон Та бүхэнд гүн талархал илэрхийлж, эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний хийморь лундаа ямагт дээшээ байж, номын авшиг, жанлав оршсон эртний бурхан сахиусын ивээлээр тэтгэгдэж байхын ерөөлийг өргөе.