"MAKBM" арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгууллаа
- 8 hours ago
- 3 min read
Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүд, хэрэглэгчдийг нэг дор цуглуулан саобарын нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжил дэвшил, гарц шийдлийн талаар хэлэлцдэг MAKBM буюу MAK Building Materials арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жилүүдэд аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байв. Харин энэ жил орчин үеийн орон сууцны хэрэгцээ, барилгын өртөг, тав тух, эрүүл амьдрах орчин зэрэг олон нийтэд шууд хамаарах асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
МАК компани зөвхөн барилгын материал үйлдвэрлээд зогсохгүй түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ цэнийн нэгдсэн сүлжээг чухалчилж байна. МАК компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Залуу гэр бүлд хамгийн шаардлагатай зүйл бол худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, чанартай, удаан эдэлгээтэй орон сууц юм. Бид үүнд нийцсэн нэгдсэн сүлжээг чухалчилж байна" хэмээн онцолсон юм. Сонирхуулахад, манай компанийн үйлдвэрлэж буй европ стандартын барилгын материалаар барих MAK Euro House төсөл хэрэгжиж байгаа билээ.

Харин МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "Манай компани барилгын материалын импортын хараат байдлыг халах зорилгоор 25 жилийн өмнө геологи хайгуулын ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Өөрсдийн нээсэн шохойн чулууны ордод түшиглэн цементийн үйлдвэрээ байгуулж, улмаар барууны шилдэг технологийг эх орондоо нутагшуулсан юм. Ингэж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлснээр гадагшаа урсах мөнгөн урсгалыг зогсоож, Монголдоо ажлын байр болон чанартай материалын хангамжийг бий болгож чадсан.
Компанийн зүгээс 3 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү өдөрлөг нь барилгын салбарынханд өөрсдийн бүтээгдэхүүн болон цаашдын төлөвлөгөөгөө танилцуулах зорилготой. Жил ирэх тусам өгөөжөө өгч буй уг арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэхэд том дэмжлэг болж байна" гэлээ.

Хэлэлцүүлэг-1: Барилгын салбарын бүтээмж, үр ашиг, тогтвортой хөгжлийн шийдэл
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, “Монголын Алт (МАК) ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын газрын захирал Х.Базарханд, Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Г.Цовоодаваа, Deutsche Welle Mongolia-ийн Ерөнхий захирал В.Хосбаяр нар панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэд орон сууцны үнийн өсөлт, архитектур төлөвлөлтийн алдаа, импортын хараат байдал, салбарын тогтвортой хөгжлийг хангах боломж зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн юм.
Орон сууцны үнэ жилээс жилд өссөөр байгаа ч иргэдийн дунд байршил сайтай, том зайтай, тохь тухтай хэр нь хямдхан орон сууц хайх нь түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр ийм боломж тун хомс юм. Зах зээлийн бодит өртгөөс хэт доогуур үнэ тогтоох гэж оролдох нь эргээд хямд материал ашигласан, чанаргүй барилга баригдах гол шалтгаан болдог. Үүнээс үүдэн ашиглалтад орсон байрнууд нь дулаан алдах, салхи сийгэх зэрэг алдаа дутагдалтай байхаас гадна оршин суугчдын эрүүл мэнд, тав тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс барилгын компаниуд ч, худалдан авагчид ч чанараа дагаж өртөг нэмэгддэг гэх зах зээлийн алтан дүрмийг хүлээн зөвшөөрөх цаг болсныг онцолсон юм.
Хэлэлцүүлэг-2: Шинэ үеийн амьдрах орчин: Залуусын хандлага ба сонголт
Залууст чиглэсэн энэхүү хэлэлцүүлгийн зочноор НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын элч Б.Баттөр, Сэтгүүлч, контент бүтээгч Н.Хулан, Архитектор, контент бүтээгч Г.Номиндарь, Уран бүтээлч, дархан Б.Маргад-Эрдэнэ нар өөрсдөдөө тулгарч буй бодит асуудал болон ирээдүйд амьдрахыг хүсэж буй хотынхоо талаар хэлэлцлээ.
Тэд барилгын компаниуд хангалттай ашиг олж байгаа мөртлөө бетон цутгамал, хөнгөн цагаан фасадны бэлэн хэв загварыг л давтан ашигладгаас Улаанбаатар хотын гэх өнгө үзэмж, ялгарал бий болохгүй байгааг онцолж байв. Худалдан авагчдад үнэ болон байршлын л ялгаатай хувилбарууд олдохоос биш, төлөвлөлт, интерьерийн хувьд ямар ч бүтээлч сонголт алга. Уг нь хуучны социализмын үеийн барилгууд хүртэл өөрийн гэсэн мозаик зурагтай, Монгол философи, хийцлэлийг шингээсэн өвөрмөц шийдэлтэй байсан гэдэгт санал нэгдсэн юм.
Хотод гоё байшин барихаас гадна гудамж талбайг сайжруулах нь хамгийн зөв шийдэл юм. Хүн хол алхдаг байсан ч замдаа утас ширтэх биш, эргэн тойрны гудамж, орчноосоо гоо зүйн таашаал авч алхдаг тийм амьд хотыг бүтээх хэрэгтэй байгааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв.
МАК компани өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн салбарт ₮5.8 их наядын хөрөнгө оруулж, европ стандартын үйлдвэр байгуулан дотоодын зах зээлд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна. Ингэснээр 2015 оноос хойш нийт 560 сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээж, импортыг орлох үйлдвэрлэл явуулжээ.
Арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэл, хэлэлцүүлэг болон онцлох байр сууриудтай энд дарж танилцаарай.

































































