"MAKBM Event 2026" арга хэмжээ 05/15-нд болно
- 7 hours ago
- 1 min read
“Монголын Алт” (МАК) компани барилгын материалын үйлдвэрлэл, салбарын хөгжил, шинэ технологи, зах зээлийн чиг хандлагыг хэлэлцэх MAKBM буюу MAK Building Materials арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Өмнөх жилүүдийн арга хэмжээгээр аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байсан бол энэ жил барилгын салбарын ирээдүйн чиг хандлага, орон сууцны шинэ хэрэгцээ, барилгын өртөг, тав тух, эрүүл амьдрах орчин зэрэг олон нийтэд шууд хамаарах асуудлуудыг онцлохоор төлөвлөөд байна.

MAKBM 2026 арга хэмжээний үеэр МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир үндсэн илтгэл тавьж, МАК компани барилгын материалын салбарт хөрөнгө оруулалт хийх болсон үндэслэл, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага болон тус салбарын цаашдын боломжийн талаар байр сууриа илэрхийлэх юм.
Мөн салбарын мэргэжилтнүүд “Барилгын салбарын бүтээмж, үр ашиг, тогтвортой хөгжлийн шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бол залуусын төлөөлөл “Шинэ үеийн амьдрах орчин: Залуусын хандлага ба сонголт” сэдвээр орон сууцны шинэ хэрэгцээ, амьдрах орчны өөрчлөлт, хэрэглэгчдийн хүлээлтийн талаар санал, бодлоо солилцоно.
Арга хэмжээнд барилгын салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчид болон шийдвэр гаргагчид оролцох бөгөөд салбарын сүүлийн үеийн судалгаа, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, зах зээлийн чиг хандлагын талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Түүнчлэн арга хэмжээний үеэр МАК-ийн барилгын материалын 7 үйлдвэрийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх цогц мэдээллийг танилцуулж, барилгын материалын сонголт, инженерийн шийдэл, нийлүүлэлт, техникийн зөвлөгөө болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулах юм.
Байршил: Ayan Zalaat
Хугацаа: 2026.05.15 | 16:00
