top of page

МАК компани "Ботгонд Бонус" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн малчдад ₮80 гаруй саяын урамшуулал олголоо


Botgond Bonus

Орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг олон чиглэлд хэрэгжүүлж ирсэн “Монголын Алт” (МАК) ХХК говийн бүсийн гурван аймгийн таван суманд “Ботгонд бонус” хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус компани энэхүү хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний тоо толгойг өсгөх, говийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулан малчдыг урамшуулж байгаа юм.


Энэ жилийн тухайд Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай сумдад 4026 ботго бойжуулсан 508 өрхийн малчдад нийт 80.5 сая төгрөгийн урамшуулал олголоо.




Хөтөлбөр хэрэгжсэн 11 жилийн хугацаанд Монгол тэмээний тоо толгой өссөөр байна. Тухайлбал, 2013 онд Монгол Улсын хэмжээнд 321,480 тоо толгой тэмээ тоологдож байсан бол 2023 оны байдлаар 150,000 гаруйгаар өсөж 473,853 болжээ. МАК компани 2013 оноос хойш уг хөтөлбөрийн хүрээнд нийт 620 гаруй сая төгрөгийн урамшууллыг малчдад олгоод байна.




МАК компани говийн бүсийн малчин ардыг дэмжихээс гадна жил бүрийн сар шинийн баярын босгон дээр үйл ажиллагаа явуулдаг сумдынхаа ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд говийн бүсийн таван сумдын 1474 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах сумдад хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.

bottom of page