top of page

МАК Евро блок үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа хойш 1.3 сая м3 блок үйлдвэрлээд байна


MAK Euro Block

Улаанбаатар хотын хүн амын тоо өсөж, төвлөрөл нэмэгдэх тусам барилгын чанар, стандарт, аюулгүй байдал нэн тэргүүний асуудал болж байна. Улс орны аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бүхий барилгын материалын импортын хараат байдалд байх нь олон сул тал дагуулж байгааг цар тахлын жилүүдийн хүндрэл бидэнд харуулсан билээ. Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлснээр манай улс барилгын материалын 63%-ийг импортоор авдаг ба 99 орчим хувийг нь хяналт шалгалтгүй нэвтрүүлдэг аж.  Тиймээс “Монголын Алт” (МАК) ХХК импортын хараат байдлыг бууруулах үүднээс дотоодын ашигт малтмалаар өндөр чанарын барилгын материал үйлдвэрлэх төслүүдэд хөрөнгө оруулан шат дараатай хөгжүүлж, аж үйлдвэржилтийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.


Үүний эхний төсөл болох “МАК Евроблок” хийт бетоны үйлдвэр нь ашиглалтад орсон цагаасаа хойш 1.3 сая м3 хийт бетон үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, 71 сая орчим ам.долларын валютын гадагшлах урсгалыг хааж чаджээ. Тодруулбал, 1.3 сая м3 хийт бетоноор 811 ширхэг 23 давхар орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай 1180 дунд сургууль, 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 3259 цэцэрлэг байгуулах боломжтой. 


Уг үйлдвэр ашиглалтад орохоос өмнө буюу 2015 оны байдлаар манай улс  жилдээ 650,000 мкб бетон импортлон ашигладаг байсан бол 2022 оны байдлаар нийт зах зээлийн 60 гаруй хувийг “МАК Евроблок” нэрийн бүтээгдэхүүн дангаараа хангасан үзүүлэлттэй байна. 250 орчим хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, евро стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ төслийн үр дүнд шинээр баригдаж буй барилга, дэд бүтцийн төслүүдийн түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангаж, блокын зах зээлд өрсөлдөөн бий болж байна.


“МАК Евроблок” үйлдвэр нь МАК-ийн бусад үйлдвэрүүдийн нэгэн адилаар олон жилийн туршлагаар чанар нь батлагдаж, дэлхийд тэргүүлж буй Евро стандартын буюу Герман улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа нийт 10 гаруй стандарт нэвтрүүлсэн байна. Эдгээрийн дотор олон улсын менежментийн 3 стандарт багтаж байгаа нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгааг нь баталж байгаа юм. Жишээлбэл, “МАК Евроблок” үйлдвэр үйлдвэрлэлээс гарсан технологийн усыг 100%  эргүүлэн ашиглаж байна.   


Мөн Европын найман стандартыг нэвтрүүлж, гурвыг нь  үндэсний болгон батлуулсан юм. Үүний үр дүнд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн процесс сайжрахаас гадна зах зээлд шударга өрсөлдөөн бий болж, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй байгууллагуудын стандарт дээшлэхэд тодорхой хэмжээний түлхэц үзүүлж байгаа юм.   


Барилгын материал үйлдвэрлэхэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна сайн чанарын найрлагатай гол түүхий эдүүдийн тогтвортой нийлүүлэлтийг хангах нь чухал байдаг. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааг хадгалж, үнэ тогтвортой байх боломж бүрддэг. Үүнээс шалтгаалан “Монголын Алт” (МАК) ХХК барилгын материал үйлдвэрлэхэд ашиглах түүхий эдийн хайгуулын ажил хийж, нөөц бүхий газруудыг илрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээ нь, хийт бетоны гол түүхий эд болох цементийг евро стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэж, элс, гөлтгөнө, шохойн чулуу зэргийг олборлон ашиглаж байгаа юм. Ийнхүү голлох түүхий эдүүдийг дотоодоосоо хангаснаар зах зээлийн эрсдэлийг бууруулж, импортын хараат байдлаас ангид байх нөхцөл бүрдэж байна.


Чанартай түүхий эд, нарийн технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хөдөлмөр хөнгөвчилж, зардал хэмнэсэн олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, “МАК Евроблок” үйлдвэрийн хийт бетон нь ердийн бетоноос 5 дахин хөнгөн тул өрлөгийн хугацааг 4 дахин хэмнэнэ. Үүнээс гадна дулаан хадгалах, дуу тусгаарлах чанар нь өндөр тул барилгын зардлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгож байна.


“МАК Евроблок” үйлдвэр өнгөрсөн хугацаанд улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс гадна Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган онцгой бүтээн байгуулалтыг хийсэн хэмээн үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн гэрэгэ” шагнал хүртсэн юм.

 

 

 

bottom of page