top of page
“Монголын Алт” (МАК) ХХК “Бүтээгч Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ellipse 12.png

2023 оны зургаадугаар сарын 9 00:00:00

  • Facebook
  • Twitter

Энэ жил 30 жилийн ойгоо “Бүтээгч Монголын Төлөө” уриан доор тэмдэглэж буй “Монголын Алт” (МАК) ХХК аж үйлдвэржилтийн салбарыг дэмжин Монгол улсыг бүтээгч, үйлдвэрлэгч орон болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Бүтээгч Монгол” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр МУИС, ХААИС, ШУТИС, GMIT (Герман Монголын хамтарсан Ашигт малтмал Технологийн Их сургууль) зэрэг 4 их сургууль, Улаанбаатарт мэргэжилтэн бэлтгэдэг 3, орон нутгийн 5 Политехник коллеж, МСҮТ-тэй 3-5 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Манай компани 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “MAK Internship” цалинтай дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлж буй санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй, нарийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг компанийн газар, нэгж, үйлдвэр, уурхайд цалинтай дадлагажуулан, ажлын байранд зөв системтэйгээр бэлтгэж, үргэлжлүүлэн ажлын байраар хангах юм. Мөн оюутнуудын бүтээлч байдал болон багш, боловсон хүчний хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар боллоо.


Түүнчлэн “Монголын Алт” (МАК) ХХК нь боловсрол, эрүүл мэнд, спорт гэсэн үндсэн гурван чиглэлд нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Тухайлбал, боловсролыг дэмжих бодлогын хүрээнд үйлдвэр, уурхайн нөлөөллийн бүсийн сумд буюу Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Даланжаргалан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад сургууль, цэцэрлэг байгуулаад байна. Мөн 1998 оноос хойш чанартай боловсролыг дэмжин оюутан залуусыг гадаадын болон дотоодын их дээд сургуульд компанийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулж, нийт ₮2.1 тэрбумын дэмжлэг үзүүлсэн юм.



bottom of page