top of page

"Монголын Алт" (МАК) ХХК хүлэмжийн хийн ялгаруулалтаа тоолж,баталгаажуулж эхэллээ

"Монголын Алт" (МАК) ХХК Монгол Улсад анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтаа тоолж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан компани боллоо. Тодруулбал, МАК компанийн төв оффисоос ялгарах хүлэмжийн хийн хэмжээг олон улсын ISO14064-1:2018 стандартын дагуу тоолж, Сингапурт төвтэй, Монголд үйл ажиллагаа явуулж буй "Юрика" компаниар батлуулан гэрчилгээ гардан аваад байна.

"Монголын Алт" (МАК) компани нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд 2022 оноос эхлэн хүлэмжийн хийг олон улсын стандартын дагуу тайлагнах тогтолцоог бий болгож эхэлсэн бөгөөд шат дараатай сайжруулах арга хэмжээ авсаар байна.

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар, тогтвортой хөгжилд тулгарах эрсдэлүүд эрчимжихийн хэрээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь нэн чухал болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, нийгмийн бүх оролцогч талууд үүнийг харгалзан үздэг болоод байгаа билээ.

Тиймээс Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа тогтвортой хөгжлийн талаарх бодлого, санаачилгууд эрчимтэй хэрэгжиж байна. Тэр дундаа, улс орнууд хамтран Тогтвортой хөгжлийн зорилтууд дэвшүүлэн Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж буй нь тогтвортой бизнес болон тайлагнах явцыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байгаа юм.

Манай компани тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчны асуудлыг чухалчлан үзэж, нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлсээр байна. Түүнчлэн нийт ажилтнууддаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалт, түүнээс шалтгаалсан эрсдэл, тэдгээрийг сааруулах, дасан зохицох талаар мэдээлэл өгч дэлхий нийтээр хүлээсэн үүрэгт Монгол Улсдаа түүчээлэн хариуцлагатайгаар ажиллах зарчмыг баримталж байна.

bottom of page