

“Монголын Алт” (МАК) ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын ордод 2007 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнгөрсөн жилүүдэд 60-85 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ирсэн. Цаашид олборлолт, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлснээр төсөвт жилд 210 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлөх болно.
“Монголын Алт” (МАК) ХХК нь Нарийн Сухайтын ордод 2002-2006 онд хайгуулын ажил хийж, 2008 оноос нүүрс экспортолж эхэлсэн.
Бүтээн байгуулалт
Уурхайн ажиллагсдын ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бий болгох зорилгоор орон нутгийн ажилчдын 8 айлын орон сууц, ажилчдын байр, зочид буудал, 180 хүний хүчин чадалтай зоогийн газар, хувцас угаалгын газар, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, спорт заал, тоглоомын өрөө, хүнсний нарийн ногооны хүлэмж, машин угаалга зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдэл бүхий байгууламжуудыг ашиглалтад орууллаа.
Тухайн бүс нутагт сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн гаалийн хяналтын цогцолбор, хилийн шалган нэвтрүүлэх гарц-хаалгуудыг барьж ашиглалтанд оруулсанаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил, гааль, мэргэжлийн хяналт, иргэний бүртгэл харьяатын байгууллагын ажилтануудын ажиллах орчин нөхцөл сайжирсан.
