top of page

МАК компани орон нутгийн 900 гаруй иргэнийг үнэ төлбөргүй оношилгоонд хамрууллаа

“Монголын Алт” (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоог орон нутгийн иргэдэд үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй таван сумандаа “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгууллаа. Тодруулбал, энэ сарын 9-19-ний өдрүүдэд Mongolian Prevention & Diagnostic Clinic болон И-монос эмийн цахим худалдааны платформтой хамтран Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Баянжаргалан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 900 гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан юм.


Өдөрлөгийн үеэр хэвлийн эхо, сахар, эрдсийн шинжилгээ, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий индекс тодорхойлолт зэрэг таван төрлийн үзлэг, оношилгоог мэргэжлийн эмч нарын багтай хамтран зохион байгууллаа. Үзлэгт хамрагдсан 900 гаруй иргэний 85% нь ясны сийрэгжилттэй, 73% нь эрдсийн дутагдалтай гэж оношлогдсон байна. Түүнчлэн элэгний хавдрын 7, бөөрний хавдрын 1, бэтэг өвчний 5 тохиолдол илрүүлж, яаралтай нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зөвлөгөө өгсөн юм. Үүнээс гадна, үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 30 орчим хувь нь цөсний чулуутай байгааг оношилсон бол 27 хүн бөөрний чулуутай байгааг тогтоолоо.



Иргэдийн дунд элэг, бөөр, цөс, нойр булчирхайн өвчлөл түгээмэл байгааг эмч нарын зүгээс анхааруулж байна. Үүнд тухайн орон нутгийн ундны ус, уламжлалт хоол хүнсний хэрэглээ зэрэг нөлөөлж болох ч иргэд эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж, хооллолтдоо анхаарч, тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдаж байх нь нэн чухал байна.  


МАК компани боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарт чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд энэ төрлийн үзлэг, оношилгоог цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. МАК компани өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй сум, орон нутагтаа олон улсын жишигт нийцсэн сургууль, цэцэрлэг, дотуур байр барьж, нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.



 

Comments


bottom of page